Showing posts with label Элдэв. Show all posts
Showing posts with label Элдэв. Show all posts

20100222

H22.2.22

Дээр гарчигласан байгаа тоонууд юу юм бэ гэвэл японы он тоололоор 2010 оны 2дугаар сарын 22 гэсэн утгатай. Японы он тоолол эзэн хааныхаа нэрээр нэрлэгдэн тухайн үед суугаа хааныхаа нэрээр, хаан ширээнд суусан өдрөөс нь эхэлж тоолдог юм байна. жишээ нь одоо Heisei 平成 22 он (2010 он). Миний бие болвоос Showa 昭和天皇 (1901 оны 4-р сарын 29 – 1989 оны 1-р сарын 7) гэгч хааны 55дахь жил төрсөн юм билээ. Тэрхүү Showa 昭和 хаан нь дэс дараагаар Японы 124 дөх Эзэн Хаан бөгөөд 1926 оны 12-р сарын 25-наас 1989 онд насан эцэс болтлоо хаанчилсан. 1990 онд монгол улсад цагаан морин жил гарч ардчилал мандаж байх тэр агшинд солигдон одоогийн Heisei хаан нь ширээндээ заларсан юм байна.
Манай улсад ч хувьсгалаас өмнө энэ мэт он тооллыг хэрэглэж байсан байгаам. Богд хаан олноо өргөгдсөний он тоолол. Олноо өргөгдсөн гэдэг нь Богд Хаант Монгол Улсын төрийн оны нэр бөгөөд аргын тооллын 1911 оноос эхэлнэ.
1911 оны 10 сард Учаний бослого гарч Манж Чин улсын хүч суларсан бөгөөд тэр үеийг ашиглан Халхын ноёд 12 сарын 1-нд Хүрээнд (одоогийн Улаанбаатар) хуралдаж, Монголын тусгаар тогтнолыг зарлан, 12 сарын 29-нд Шарын шашны тэргүүн 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанд өргөмжилж, ёслол үйлджээ. Ийнхүү Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, он тооллыг шинээр эхлүүлжээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Богд Хаант Монгол Улс нь Дундад Иргэн Улсын "автономит" эрхтэй улс болсон тул мөн оны 6 сарын 9-нөөс уг оны нэрийг хэрэглэхийг хориглосон аж.
Зүгээр л дээрх гарчигласан он сар өдөр гоё санагдаад иймэрхүү дэмий шахуу юм орууллаа. Японд байгаад ч тэрүү усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг болхоор он тооллыг нь хүртэл хэлээд хэрэглээд сурчихаж дээ. Өнөөдөр орой буюу Н22 оны 2 сарын 22ны өдрийн 22 цаг 22 минут 22 секундэд нэг юм хийхгүй бол ч болохгүй дэг шүү.

20091006

Унтамхай сэрүүлэг


Орчин үеийн технологийн дэвшлийн хурдыг миний хоёр чих л лав гүйцэж сонсохгүй болж байх шиг байна. Тамирын голын мөсийг долоох шахаж хоёр идэхгүй хоосон хонохгүй хэдэн цаас цуглуулж цуглуулж нүдэнд тусаад авахгүй л бол бүтэн нойртой хонохгүй зүүдэлж сэрээд байдаг нөгөөх дамшигийг чинь авах гээд очихлээр алий хэдийний дараагийн дараагийн загвар нь гарчихсан байхымаа. За тэр технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн амьдрах ч яахав миний хэрэгцээг л хангаж байвал барав гэж.
Хэдэн сарын урд одоо цагийн хэрэглээ болоод буй нөгөөх АЛИМ компанийн үйлдвэрлэдэг И-Утас 3Г гэгч дамшигийг авсан юм. Элдэв янзын өргөтгөлүүдийг өрж гангарч ид шидийг нь бахдан биширч баахан дамшигдав. Харин өглөө болгон сэрээдэг И-Утас маань өөрөө унтчихсан юмуу, өвчин туссан юмуу бүү мэд. Өчигдөр 6.25 дуугарах байтал 7.15д дуугарав. За яахав, би буруу сануулсан юм байлгүй гэж бодсгээд ахин залруулж тохируултал өнөө өглөө 6.50д хангинаж хурд авхуулдаг байгаа. Ингэж энэ долоо хоногт хоёронтоо хоцров, хоцров ч гэж дээ хоцроов.

20080926

Дуунд дуртай боловоо би...

Энэ зун монголд очоод найз нар, хамаатан садан гээд л удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзсных заримтай нь шоудлаа, заримтай нь дууллааа. Дууллаа гэснээс монгол дуугаа мэдэхгүй аяны дугараа алгасах шахаж муухай царайллаа. Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай гэдгийн үлгэрээр ядаж 3 биш юмаа гэхэд цайны ганц дуу мэдмээр юм байна. Уг нь солгой хоолойлчоод энд тэнд дуулаад байдаг энэ зун бүр таг шүү. За тэр наадамд 3 даваа нь ч өнгөрч. Өнөөдөр ажил багатай байсан дээрээ хэдэн гайгуй зохиолын дуу татаж МП-дээ хуулаад хуучин нөгөө галзуу хүн шиг сонсдог байсан транс хаус хөгжмүүдээ дэлэтлэж орхив. Өө бас нэгэн буянтай ахаас авсан Харангын гурамсан цомог, Никитоны нэг цомогоо суулгаад сонсдог хөгжмийн жанраа өөрчилчихлөө. Аа харин тэр караокэд бол үгийг нь дагаад дуулаад байж болмоор санагдсан.
Намайг 2-р ангид байхад орост хамт сурч байсан нагац ахын маань найз Дандар гээд эмч бид нар Москваруу хамт галт тэрэгээр явсан юм. Тэр хүн их гоё дуулдаг. Тэр үед ХИТ болж байсан Цэрэнчимэд агсаны дуунуудыг ялгагдахгүй сайхан дуулна. Бас манай өөр нэг ах маань эмч хүн л дээ, мөн их сайхан дуулна. Ялангуяа "Ус мөрөн олончиг" гэж Самбуу УГЖ-н дуулсан дууг дуулдаг. Тухайн үедээ энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход эмч хүмүүс их сайхан дуулдаг юм байна гэсэн бодол гавал доторх атираанд маань суучихсан юм. Энэ бодрол өнөөдөр гэнэт толгойд орж ирэн тэр үеээ дурсан бодтол би Дандар эмч шиг мэргэжилтэй хэрнээ нэг ч дуу мэдэхгүй тууж явдаг. Солгой хоолойтойм байж гэж өөрийгөө голохгүй л айргаа барьж байгаад аваад хаядаг байх хэрэгтэй юм байна. Дараагийн дугаарт нь ёпоон улсад нилээдгүй хугацаагаар байсных ганц дуу бас караокэед нь дуулдаг болох хэрэгтэй гэж өөртөө биелэгдэх ч юмуу биелэгдэхгүй ч юмуу нэг даалгавар өглөө.

20080701

Хавь ойрын сонин

Сонгууль дуусч олон хүний чихийг амрааж байх шиг байнаа. Манай гэрийнхэн ярьсан чинь гэрийн хаалга тайван байлгахгүй үнэн тамтай байгаа гээд байсан. Олон хүнд тийм санагдаа байлгүй дээ. Сурталчилгаа биш залхаалт болоод баллаж өгсөн болтой, мань мэт ч сонсохоос цаашгүй. Одоо тэгээд хэсэгтээ л хэрүүл нь тасрахгүй л дээ. Тийм ч булхай, ийм ч будлиан гээд, харин нөгөө хэдэн шар сонингууд нь бичих юмтай болж сонингууд нь борлогдох байхдаа. Цахим сонин унштал сонгогдоогүй хэсэг нь суулт зарлалаа л гэнэ. Зовлонтой ч юмаа даа нээрээ. 60 чавганцын нэг нь түрүүлдэг хойно хожигдчоод новшроод байх хэрэггүй л баймаар юм. Ард түмнийг уруу татан будлиантууллаа гэж турхираад мөнгөний төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй зарим нь тэднийг тагаж далдаганаж байгаа нь тодорхой.
Сонгогчдод сонгох эрхийг нь өгчихөөд байхад өөрдөө зөв сонголтоо хийж чадагүй хойноос нь хэл ам гаргах нь шал тэнэг юм. Зарим нэг зүйлд бидний мэдэхгүй зүйлүүд байгаа л байх. Заа тэгээд энэнд уурлаж нерв-ээ барах нь зөв ч юмуу буруу ч юмуу. Сонгосон бол болоо биз. Нэг иймэрхүү.
Одоо тэгээд сонгууль нэг юм дуусаад залгуулаад наадам болох нь дээ. Сонгуулийн элдэв хэл ам нь наадмаар түрий бариж нэг намжих байхдаа. Наадам гэснээс ноднингийх шиг бөх болох шинжтэйдэг. Манай аваргууд бэлтгэл хийхгүй наадмын эхэнд шахуу унаж нүдний булай битгий л болоосой. Одооны залуу бөхчүүд байнгийн бэлтгэл сургуулилалттай байхаар цолтой бөхчүүддээ хатуу боорцог болж заримыг нь аваад хаячих нь энүүхэнд болжээ. Тэр тусмаа гоё сонирхолтой л доо. Соёолонгийн тоосонд дарагдаж хииморио сэргээгээд бөхөө үзчээд ирэх юмсан гэж. Аймгийнхаа ойгоор арай л гэж таарч очино гэж найдаж байна. Манай аймгийн 70 жилийн ой болох гэж байгаам гэнэлээ. Бас хэд хэдэн аймаг ойгоо тэмдэглэх сурагтай. 7,8 сар ч угаасаа тэр чигтээ найр наадам болдог хойно яалтай билээ. Монголчуудын баяр нь ихдээд байна л гээд байсан чинь энэ японууд шиг олон баяртай, олон өдөр амардаггүй юм байна. Бид нарын хэлдэгээр улаан өдөр буюу календар дээр улаанаар тэмдэглэгдсэн өдөр нь заавал амарна. Зарим нэг улаан өдөр амралтын өдөртэй давхцавал заавал хойшлуулж ажлын өдөр болгодог юм байналээ. Баярын өдрөө манайхан шиг наргиж цэнгээд байх нь ховор болхоор бидэнд баяр мэт санагддаггүй юм. Манайхны баяр эднийхтэй харьцуулвал цөөн боловч сүртэй олон нийтийг хамарч наргиж цэнгэдэгт гол поинт нь байгаан болуу. Газар газрын ёс өөр өөр болхоор үүнийг буруутгах аргагүй биздээ. За нэг иймэрхүү.

20080625

Сэдэв 2

Социализмийн үед ах нар орост сурахаар их явдаг байв шив. Одоо бодоход сонин санагдаад байдаг юм. Ганц нэгээс нь сийрүүлэхэд анх явж байгаа оюутнууд хувцасаа модон авдаранд /тэр үед чемодан ховор байсиймуу даа/ хийгээд, боорцог хайруулж аваад л, тарваганы арьс илдүүлж аваад л Гэгээн зөвлөлт Орос оронруу эрдмийг сурахаар мордож байсан байгаам. Манай ах эгч нар ч мөн адил тэгээд л явж байсан юмдаг. Тарваганыхаа арьсыг хилээр гаргах гэж нэг бөөн асуудал, энд тэнд нууж бариж байж гаргачихвал тэгээд бөөн аз, хураалгавал бөөн гуниг. Хил гаруутаа л аваргууд азтай азгүйчүүдтэйгээ нийлээд "баяр"-аа тэмдэглээд үргэлжлүүлсээр нэг мэдэхэд алтан Москва ирдэг гэжүгаамаа /миний бие хүүхэд байхдаа шахуу нэг удаа тэдэнтэй хамт Москва явж байсан/.
За тэгээд хойноос нь захиа занаа явуулах бол тун хэцүү байж. Хамт сурдаг найз нь ирж очвол ганц нэг шууз, борц, захиа дайна. Тэр нь жилдээ хуруу дарам цөөхөн. Шинэ жил, цагаан сар гэхчилэнгээр ах эгч нараас дотроо зурагтай захиа ирнэ дээ. Сайхан л санагдаг байж тэрхэн үедээ.
Одоо бидний үе шал өөр болж дээ. Ядаж л холбоо харилцаа өргөжөөд, ирж очих нь хүртэл асуудал байхгүй. Өдөр бүр шахуу л мэсэнжэр, мэйл, веб цамер гээд кибер ертөнцөд аж төрж байгаа бид азтай ч юм шиг. Угаасаа мийгмээ дагаад бүх зүйл өөр болчихоор хүний зан чанар хүртэл өөр болчихдог юм байна. ах эгч нарын үед бол хүний сайхан зан чанарын хэлтэрхий хадгалагдаж үлдсэн гэхэд хилсдэхгүй байх. Одоо маниудийн үеийн хүмүүс залуучууд дотор хүний сайн ховор болсийм шиг санагддаг. Тэрийг яаж таних нь чухал. Миний бодлоор "Унан байж морины сайныг, Ханилан байж нөхрийн чанарыг" гэдэгтэй санал нэгдэхээр. Тэрнээс хэд гурав чат-лачаад хүнийг тодорхойлоход бэрх байж таараа. Хүн найз нөхрөө сонгохдоо ижил тип, ижил зан чанар, ижил сонирхолтойг харгалздаг гэдгийг судлаачид тогтоогоод өгчихсөн юм байналээ. Гэнэт өөр сэдвээр яриад явчлаа, хүлцэл өчъе.
Дөнгөж сая өрөөндөө энэ тэмдэглэлээ бичиж байтал гэнэт нэг зүйл санаанд ороод, хамт ажилдаг хүнээсээ цэнэглэгч авах юмсан гэж бодож байтал яг ороод ирдэг байгаа. Тэгээд авчихлаа. Ийм зүйл надад олон тохиолдож байсан. Тухайн хэсэгт хэн нэгний тухай бодох ч юм уу, үгүйлэх үед тэр хүнтэйгээ таарах ч юм уу. Өөр хүмүүсээс асууж байсангүй / тийм зүйл тохиолдож байсан бол коммэнт үлдээгээрэй/. Энэ юутай холбоотой байж болох бол гээд снирхоод уншиж үзтэл хүний уураг тархи бага хэмжээний долгион ялгаруулж, мөн бага хэмжээгээр хүлээн авах чадбартай гэсэн байсан. Үүнээс үзэхэд ртой ч юм шиг. Тааралдахынхаа өмнөхөн тэр хүний тухай бодол орж ирэх нь бага радиуст цацаж байсан долгионыг нь хүлээн авч чадаж байна гэж ойлгож байна. Магадгүй энэ мэдрэмж нь хэт сайн хөгжсөн хүнийг мэрэгч төлөгч гээд нэрлээд байгааг үгүйсгэхгүй юм. Гэхдээ дээрх судалгааг яг баталж чадсан эсэхийг хайгаад олсонгүй /баахан Гүүгл-дэв/. Хүний бие организм гэж судлаад баршгүй зүйл облтой. Анагаах ухаанд хүний зарим тогтоогдоогүй, судлаад боломжгүй зүйлүүд зөндөө байдаг. Эдгээрийн заримаас дараагийн удаа цухас турдая.

20080618

Сэдэв номер1

Саяхан нэг сайт дээр хэлэлцүүлэгт бичсэнээс уншаад үүнийг бичих санаа төрлөө. Нарийн тоо баримт энд бичихгүй ч (яг үнэндээ би статистик тоо баримтыг нь мэдэхгүй л дээ) өөрт бодогдсон зүйлээ бичмээр санагдав.
Одоогоос 20-оод жилийн тэртээ ардчилал мандан бадарч Монголын "Хуучин хүү" -дүүдийн мэлмий нээгдэн тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр явах замыг мэдэрсэн үе байлаа. Гэнэт эрх чөлөөг мэдэрсэн ард түмэн эх толгойгүй бужигнан дээр доороо оролцож, үүнээс үүдсэн янз бүрийн гажуудал, инфляци улсыг ганхуулж байсан нь миний санаанд тодоос тод үлдсэн юм. Сайныг дагаад муу зүйл өргэлж дагалдаж явдаг болхоор энэ цагаас ажилгүйдэл, аллага, хулгай дээрэм, ӨНЧРӨЛ, хагацал, ХҮҮХДҮҮД ОРОН ГЭРЭЭСЭЭ ДАЙЖИХ гэх мэт сөрөг үзэгдэл ихээр нэмэгдсэн нь цаашдын муу муухай бүхний суурь болж байсан. Үүн дотроос хамгийн их хохирол амсаж байгаа нь хүүхэд. Траншеинд амьдардаг хүүхдүүд нэг хэсэг маш их байсан. Тэр ч байтугай бүлэг бүлгээрээ орой үдэш явж хулгай дээрэм хийх нь ихэссэн. Ихэвчлэн автомашины эд зүйл хулгайлан дамлан зарж мөнгө олдог. (Би ч мөн тэдэнд юмаа алдаж л байлаа гэж) За тэгээд бүлэг хоорондоо зодоон цохион хийх үзэгдэл байнга шахуу. Сүүлийн 5-6 жилийн дотор энэ олон эзэнгүй хүүхдүүд цөөрсөн байгаа нь илт харагдсан шүү. Энэ хүүхдүүд хаачив. Зарим нь том болоод ухамсар суугаад амьдралаа бодоод яүсан юм бол уу, эсвэл энд тэнд ажил хийгээд явав уу. Үгүй байхаа, миний бодож байгаагаар тэдэнд буруу байхгүй ч тэр хүүхдүүд, тэр хүмүүс дээрх шиг сэтгэхгүйтэй болтолоо төлөвшиж чадсан нь цөөхөн байлгүй дээ. Учир мэдэх хүнээс сураг сонсохнээ тэднийг хил давуулан эрхтэний наймааны обьект болгосон сурагтай. Хичнээн нь хөөрхий ингэж явсанг мэдэхгүй ч тэр олноороо яваад байдаг хүүхдүүд ингэтлээ цөөрөхийг бодоход нилээдгүйг авч одсон нь тодорхой. За арай өөр зүйл ярихыг хичээе.
Эрхтэн шилжүүлэх ажилбар манай гариг дээр нилээд эрт үеэс эхэлж хийгдэж байжээ. Эртний (15-р зууны) католик шашны сүмийн ламтангууд сүмийн нууц өрөөнд хүнийг задлан үзэж сонирходог байжээ. Зарим нэг шархадсан өвчтөнгүүдийг сүмдээ авчран арьсыг нь авч шархдсан хэсэгт нааж эдгээн анхны эрхтэн шилжүүлэх үүслийг хийж байв. Түүхэнд тэмдэглэгдсэнээр 1837 онд анхны арьс шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон гэж бичиж. Цаашид энэ ажилбарыг нилээдгүй судлахаар хэсэг хүмүүс нохойн дээр туршиж үзэж байв. Дэлхийн 1дүгээр дайны үед шархдсан цэргүүдийн арьсыг аутографт (autograft) байдлаар өөрт нь шилжүүлэн толжүүүлдэг байв. 1930 онд Оросын эрдэмтэд анхны бөөр шилжүүлэх мэс заслыг хийсэн түүxтэй. Энэ цагаас хойш анагаах ухааны салбарт эрхтэн шилжүүлэх ажилбар эрчимтэй түрж орж ирсэн байна. Уушиг, элэг, бөөр, зүрх, нойр булчирхай гэх мэт эдүгээ хүртэл улам боловсронгуй хийгдсээр байна. Анагаах ухаанд маш том ололт гэж үнэлэгдэн 1912 онд эрхтэн шилжүүлэн суулгах (бөөр) ажилбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Alexis Carrel-д Нобелийн шагнал өгч байжээ. Мэдээж ген, хромсом, эсийн түвшинд судлагдаагүй олон зүйл байсан учраас тэр үеийн мэс ажилбарууд амжилтгуй болж байсан нь олон. Одоо цагт техник технологийн ололтын үр дүнд улам боловсронгуй болсноор эд, эсийн тохироог үзэж тааруулан тухайн донорын эрхтэнг пеципент өвчтөнд нь тааруулан суулгаж чадаж байна. Ингэснээр тухайн өвчтөний насыг 5-10 жил (дундажаар) нэмэх боломжтой болжээ. Ойрын 2-3 жилд донорын эрхтэнг хадгалж чадах боломжтой "авдар"-ыг зохион бүтээснээр Япон, Америк гэх мэт оронд донор эрж хайж цаг барах асуудлыг шийдэхгүй болсон гэнээ. Донорын эрхтэнг тэр саүандаа хичнээн л бол хичнээн удаанаар хадгалж реципент-д таарүал шууд суулгах боломжыг бүрдүүлсэн байна. Энэ нь мөн л том дэвшил гарч байгаагын нэг. Дээр өгүүлсэнээр сайныг дагаж саар зүйл олон гарч байдаг болхоор эрхтэний наймаа улам ихсэх боловуу гэж эргэлзэж байна л даа. Үгүй ч байж магад. Тэрийг цаг хугацаа л хэлэх байх. Магадгүй миний монголын тэр траншеигаар овоглогдсон хүүхдүүд тэр "авдар"-т байгааг үгүйсгэхгүй. Тэр зүйлийн туршилт судалгааны бай болсон ч байж мэдэх юм.
За тэгээд баахан л юм бичлээ. Эцэст нь үр хүүхдээ хайрлаж ирээдүйд сайн хүн болгоосой гэж хүсэж байна. Би ч мөн адил тэрний төлөө зүтгэнээ.

20080615

Нутгаа санахад

Зун болоод ч тэр үү, нутгаа нэг л санаад байх юм. Монголдоо очичоод хотод хэд хонож чадалгүй л сэтгэл татам нутагруугаа давхидагсан. 450 километр газрыг 6-хан цаг давхиад хүрчихдэг, замдаа ганцхан удаа зогсоно. Үнэхээр яарсан сэтгэл. Миний нутагт миний төрсөн, миний өссөн газар, миний тоглодог байсан гол тэр бүгд соронзон мэт татах. Намайг өсгөсөн эгч минь бас бий. Эгчийн хайртай дүү нь болхоор хэнээс ч илүү дотно байдаг юм. Аав ээж маань хотоос зун болгон очиж амарна. За тэгээд л манайхан бүгд тийшээ цуврана даа. Жаргалын орон гэж хэлэхэд хилсдэхгүй нутаг.
Ноднин жил монгол байх хугацаандаа гурвантаа ирж очин явсаар 21 хоногийг барсан байна лээ. Хоёр дахь дээрээ миний багын найз, мөн дотнын минь найз 2 хамт явж 3 хоног ходоодоо баярлуулж өөрсдөө хөгжилтэй сайхан байсан. Энэ жил нахинаа гээд бодоод л байна. Санаж явахад бүтнэ дээ яахав.
Харин ноднин жил өвөө эмээгийн маань амьдарч байсан нутгаар очлоо. Хамгийн сүүлд өвөөгөө амьд сэрүүн байхад нь (би 5-р ангид байсан юм даг) очиж 30 жилийн ойн баярт оролцож байсан юм. Миний өвөө тэр бригадад улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн нутаг заагдан очоод нэгдлийн доороос нь дээш нь дарга хүртэл нь хийсээр амьдралынхаа талыг өнгөрөөсөн нь өдгөө бидэнд түүх болон үлдэжээ.
Тэр суурин 14 жилийн өмнөхөөс шал өөр болсон байсан. Хүн эмнэлэг, мал эмнэлэг, улаан булан, дэлгvvр хоршоо бүгд байсан юм. Харин одоо нэг шавар байшин, өвөө эмээгийн минь амьдарч байсан дүнзэн байшингаас өөр юмгүй болсон байв. Сэтгэл үнэхээр эмтэрч нулимс гарч байлаа. Нагац ах нар, ээж маань тэнд өссөн нутаг яалт ч үгүй мөн. Бид тэнд хэдэн хором саатаж том ахаар сайхан дурсамжуудыг яриулан зураг авхуулаад хөдөлсөн юм.
Энэ ярианд бас хоёр сайхан буурайг дурсахгүй байхын аргагүй. Одоо тэд амьд сэрүүн бий хэдий ч хэдийнээ үр хүүхдүүдээ дагаад хотыг зорисон доо. Унаган нутаг нь миний дээр өгүүлсэн газар. Ах дүү бүгдэрээ тэндэхийн хүмүүс. Манай өүөө эмээг тэнд нүүж очиход хамгийн бага хүүг нь өргөж авсан айл. Ээжийн маань хамгийн бага эрэгтэй дүү төрөөд уйлаад жигтэйхэн хэцүү байсан юм гэсэн. Лам харгуйдсан л байж таараа мэдээж. Гэтэл тэднийх хүүхэд заяахгүй хэдэн жил болсон юм байж. Тэднийх авья, хүүгээ өгөөч гэж хэлэх санаатай иржээ. Мань ах өүөө эмээд маань хэлж чадахгүй бүтэн 2 цаг "пүүшиг" /белморканал/ татаад сууж сууж хэлэхэд нь өмнө нь гадарласан тухайгаа өөрт нь хэлж л дээ. Ингээд хүүгээ айлд өргүүлж хүргэж өгсийм гэж яридаг юм. Тэр цагаас хойш манайхан тэднийд зун болгон очиж бужигнанаа. Би бол тэднийд зусдаг байлаа. Хонинд явна, фермийн сүү машиндана, аарц шүүнэ, түлээ мод, ус гээд мөн ч ажлыг хийдэг байж дээ. Хамгийн гол нь морь унах гэж л очиж байгаам шдээ уг нь хөөрхий. Тэрэндээ л баахан ажил хийж барлагтдаг байлаа. Гэхдээ тэрийг хийснээр муудсан зүйл үгүйээ. Харин ч буурлуудаасаа их зүйл сурч гэж одоо боддог юм. Хотын бацаануудын хажууд бол хөдөөний амьдралыг хүүрнэн өгүүлнэ дээ нээрээ.
Тэр буурал ах маань их уяхан хүн. Биднийг очиход баярын, буцахад гунигын нулимс унаганадаа харин ч. Сайхан дуулнаа.
...Галуун цуваа хөвөрсөн
Голын урсгал мэтгэнэсэн
Ганган байгал хосолсон
Гоёхон намрын шинж юмаа ... гээд л авч өгнө.
Би яагаад ч юм энд ирчээд нэг л идээшиж дасаж өгөхгүй юм шиг санагдаад байгаа юм. Байнга биш ч гэсэн ганцаардахдаа, бас дулаан ороод зун болохоор л өөрийн эрхгүй санагалзана. Хүнд хэлвэл хөгшин хүн шиг гэж шоолох л байх л даа. Гэхдээ л над шиг нутгаа санаж байгаа залуус байгаа байлгүй дээ.

20080614

Хар цагааны дэнс

Амьдрал гэдэг хар цагааны дэнс. Хальтирвал харлуу, сайн явбал цагаан дээр гишгэх хорвоо. Гэтэл хар цагааны холимог саарал. Амьдралд саарал өнгөөр сайн сайхныг, хайр дурлалыг, өөдраг бүхнийг, шинэ соргогыг хэзээ ч төсөөлдөггүй. Саарал манан, үнсэн саарал, гандуу саарал гэээд саарал зүйл амьдралд хар цагаанаасаа олон. Тийм болхоор блогийнхоо өнгийг хар цагаан саарлаар илэрхийлсэн, харин саарал байгааг минь бүү зэмлээрэй. Миний дотоод сэтгэл яг одоо саарал өнгө шиг болчихож. Гэвч сааралтсан тэр сэтгэлээ цав цагаан, сүү шиг болгоноо. Амлая...
Магадгүй ээ түр зуурын манан ч байлгүй.