20091124

Баярлалаа

Хэн юунд баярлаад байгаа гэвэл...
Би барагийн юманд нээх баярлаж сүйд болоод байдаггүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ сэтгэлийн хөдлөлгүй хөлдүү маанаг гэсэн үг биш шүү. кккк
Хүний сэтгэлийн утсыг хөндөнө гэдэг аягүй том НАУКА юм байна гэж боддын шдэ. Тэрийг ойгоход маны бөндгөр доторх тархины нугалаа дутаж атираа богинодох байлгүй.

Саяхан санаандгүй нэг өдөр надад ердөөсөө байдаггүй тийм бэлэг авч магнай минь тэнийлээ. Тэр бол зураг, зураг зурагдаа миний өвөө эмээ 2-н зурмал зурагны хуулбар.
Хэн өгснийг нь дурдмааргүй байна.

Баярлалаа

20091106

Амьд түүх

Өнгөрөгч долоо хоногийн амралтаар Хирошима явсан тухай өмнөх бичлэгт хэдэн зурагтай оруулсан.
Харин тэр оройноо нэгэн ёпоон өвгөнийг айлчилж очлоо. Бидэнтэй явсан андын хуучин танил бөгөөд түүгээр дамжуулан нилээд хэдүүлээ очив. Мань өвгөн одоо 90 насыг зооглоод байгаам байна. Гэрийн үүдээр нь оровуу гүй юу л монгол айлд орж байгаам шиг байгалын зураг, монгол эсгий таавчиг, цаашлаад том өрөөнд ортол тэр чигээрээ л монгол айл, өвгөн монгол хэлээр "орцгоо, орцгоо" гэж дуудаж байх юм. Өвгөн одоогоос 70 жилийн өмнө монголд баривчлагдан 8 жилийн турш шортонд хоригдон, тухайн үед хориглуудаар ажил хийлгэж байхад гар бие оролцож явсан байж. Шоронгоос суллагдаад нутаг буцснаас хойш ардчилал бий болсон цагаас эхлэн монголруу явж эхэлсэн гэнэ. Тэр үеэс хойш жил болгон явсан гэсэн. Монгол-Хиромшима нийгэмлэгийн тэргүүнээр олон жил ажиллаж монголд буцалтгүй тусламжаар нилээд хөрөнгө оруулалт хийсэн байдгийм байна. (гэрт нь байх зургийн альбомууд гэрчилсэн) Одоо монголын софт теннисийн холбоог ивээн тэтгэж байгаа гэж ярьсан.

Хирошимад сурж амьдарч байгаа монголчуудтай байнга холбоотой байдгыг тэнд сурч байгаа хүмүүс бас ярьж байна лээ. Бид нарыг очихын өмнө өдөр монголоос жамц давс зарах гэж ирсэн нэг панзчин хоноод явсан сурагтай. ккк
Нэг тиймэрхүү өвгөн байх.
Гэрээс нь гарахын өмнө надад монголын элчин 10 жилийн вийз дарж өгсөн. Ахиад 10 удаа монгол явнаа гэж хэлсэн. Тэхээр нь эргүүлээд Таны 100 насны ойгоор баяртай уулзая гээд гарч явлаа.

20091102

Аялал-Хирошима

Ийгээд гэрт тогтохоон байгаад хөлд хий орно гээч болсон уу яасан бүү мэд. Өнгөрсөн хагас бүтэнд өнөө гайхал шонхоруудын атомын бөмбөг унагаасан газар нь очоод ирлээ. Музей, балгас, уй гашуу, хэдэн түмэн цаасан шувуу...
Тэндээсээ гараад Грин-арина цогцолборт очиж сумогийн үзүүлэх барилдаан үзэж монгол залуусын эд хавыг бахдан гайхаж баахан зураг даруулснаа энд сийрүүлэеээ гэж.

Арлыг аралтай холбодог СЕТА гүүр. ойролцоогоор 4.5 км.

Дэлбэрэлтийн өмнөх Хирошима

дэлбэрэлтийн дараа

Амьд үлдсэн хүмүүс иймэрхүү байдалтай

Өнөө газартай нь тэгшилж орхисон ENALO-GAY бөмбөг

Төмөр ийм болсон байхад бусдыг нь яриад ч яахав.

Ганц үлдсэн балгас нь

За одоо жаахан гэрэл гэгээтэй юм оруулъя даа. Аваргыгаа харж баяслаа даа энэ жюүнго-д ч

Чи шүү, чиний хажууд би шүү...

Манай залуус өнгөлөг байна лээ.

Аса-нууд

Энэ хаалга угтаа бол усан дотор байдаг юм байналээ. Гэтэл усны түвшин буураад хүрс нь гараад ирчихсэн байсан. Очиж доогуур нь нэг шургалавай.

Сүсэгтэн олон

Гэрлэгсэд, нирваан дүрийг үзүүлэгч нарыг энэ сүмд бас адисладаг болтойм байналээ.

20091022

Муухай жийбэн хүн

Жийбэн улсад ирсээр 4 дэх жилээ угтах гэж байгаа миний бие сайн муу, сайхан муухай ялгах төдий болсон ч зарим нэг зүйлд гэгээрэх үл гэгээрэх, гэсэх хөлдөхийн алин болхыг тааж тунгааж бардаггүй.
Жийбэн улс ард иргэдийнхээ амжиргааг харгалзан амжиргаа муутай, олон хүүхэдтэй, өндөр настай, бие муутай, эсвэл гадаад оюутанд гэх мэт хэсэг бүлэг хүмст зориулсан хотын захиргааны орон сууцанд суулгадаг юм байна. Миний бие ноднин жил тэр байранд орохоор бичиг бүрдүүлэн өгвэй. Эхний удаа уралдаад барсангүй. Дараачийн удаа дахин "аз гэдэг сохор юм, аа мэргэн хүн бол..." гэж дотроо бодон байрны тэмцэлд хүч үзлээ. Гэтэл өнөөх байранд чинь орох болчдог байгаа. Харин өөрийгөө сохор азтай юу, мэргэн авъяастай алин болохыг мөн л таасангүй. За энэ яахав, тэгээд цааш нь монголчуудын ХХI зууны нүүдэл суудал үргэлжилсээр хэсэг новшоо бааданд ороож баахан зөөлөө. Яджаахад тэр үед нуруу туруу өвдөөд өндийвөл тонгойж чадахгүй, тонгойвол өндийж чадахгүй тэтгэврийн өвгөн шиг болсон байсан ч сайн нөхдийн дэмээр дороо л товхинож авлаа. Үүнээс хойш хэдэн сарын дараа бусад нутаг нэгт нөхдөдөө энэ тухай зөвлөж хэлцэж ёндоогоо үзэцгээ гэх мэтээр уриалан дуудав. Дараагийн тэмцэлд 2 нутаг нэг маань ороод явчихав. Дахиад дараагийнхад 2 нь гэх мэтчилэн орсоор одоо 6 айл аж төрж амьдарч байна. Хамгийн гол нь хүний газар байгаа маниудад өртөг хямд, харицангуй тухтай болхоор ашиг тустай байгаам даа.
Саяхан ийм явдал болов. Манай орцны нэг давхарын насандаа гарсан буурал өвгөн ганцаараа амьдрдаг юм. Тэрхүү өвгөн хэсэг хугацаанд байрны даргын үүрэгт албыг хашиж тушаал дэвшисэн юм. Мөнөөх хугацаандаа өвгөн буруу зөнөсөндөө дамшигтав уу, булхай хиймээр санагдсан уу бүү мэд. Байрны хураамж мөнгөнөөс багахан хэмжээтэй тогшичихсон юм байна л даа. Өнөөх нь дару илрэхгүй хаачихав. Хэрэг мандаж буурал өвгөнийг шүүлтэнд суулгаж есөн эрүүдэхээс наагуур юм болов. эцэст нь өвгөн байрнаасаа хөөгдөхдөө тулав. Хөөрхий өвгөний идсэн мөнгө нь ядуу оюутан надад гайгүй л хэмжээний санагдахыг бодоход гавихгүй болох нь тодорхой байгааздээ. Ингээд нийтээрээ хуралдаж өвгөн буурлыг нэн даруй байраа суллаж өг хэмээн зарлигдавай. Мань өвгөн уг нь нилээд нийтэч, гадаа цэцэрлэгт үргэлж жимс тарьж тэр байрны оршин сууч хүүхдүүдэд тарааж өгдөг хүн байсым. Гэтэл Хажуу байранд бас нэг шизофренитэй юмуу, шаариг дутуу юмуу бас алин болхыг таашгүй өвөгжөөр эр байнаа. Тэр болвоос өнөө өвгөн буурлыг хаа таарсан газраа заагинаж харааж зүхэж, байрны олон нийтэд муу муухайгаар нь хэлж хутгаж явдаг нэгэн. Байрны хуралд өнөөх ШизоШаариг дутуу нөхөр гол дүрд тоглон эрүүдэх авай.
Өнөө өглөө нутаг нэгттэйгээ ажилд гарах замдаа таартал өнөө өвгөний талаар бас чих дэлсээд авав. Юу гэвэл хэсэг нөхдүүд (мэдээж жийбэнгүүд) өвгөн буурлыг тагнаж том хаустай л гэнэ, ажил хийдэг ахиу цалин авдаг л гэнэ, нууц хүүхэдтэй гэх мэтээр баахан мэдээлэл цуглуулж заримыг нь бүр баримтжуулсан юм байх. Дургүй зэвүү зэрэг хүрч сонсохоос ч сонирхолгүй санагдав. Яахнав дээ, хөгшин хонины насгүй болсон хүний мууг үзэж яцыг нь цайлгаж. Манайхан (монголчууд) хэдий хүний мууд дуртай ч гэлээ ахмад настанаа хүндэлж, үгийг нь сонсож, үнсүүлж явдаг ард түмэн. Тиймдээ ч тэрүү дээрх үзэгдэл нэг л таагүй санагдлаа. Жийбэн хүний муухай за н нь нэгнийгээ буруудвал бултаараа нийлж хаднаас түлхэн унагааж аваад санаа нь амардаг болтойм. Манай Аса аваргыг хаднаас түхэж унагах гээд даанч барж идсэнгүй дээ. Барах ч үгүй л дээ муусайн жийбэнгүүд.

20091013

Аялал-1

Анхны аялал биш ч гэлээ энэ одооноос эхлэж явсан газрын сонин содонг дуугүй дүрсээр илэрхийлж байхаар боллоо.
Өнгөрөгч бямба гариг намрын шар нар ээсэн сайхан өдөр байлаа. Бидний хэдэн нөхөд дугуйгаар аялал хийхээр төлөвлөсөн байсан тул жаал зугаа юмсаа базааж аваад аялалдаа гарлаа. Эцсийн цэг бол БУРХАНТ УУЛ буюу 神山 хэмээх газар байлаа. Өмнө өдөр гарын таван хуруу шиг тавуулаа явахаар тохирсон байтал нэг хуруу маань явахаан байж дөрвөн хуруу баг аялалд гарсым. Нийт явсан зам маань 42км (хоёр талдаа) бөгөөд үүнээс яг 5км уул өгсөж хар хөлсөө цувуулж хамаг чадлаа баран байж оройд нь гарав. Гэвч уулнаас дугуйтай шааригдаж буух хамгийн сайхан хэсэг байлаа гэж.

Бид уул өгсөх замдаа

Уулан дээр нэг ийм баримал байсан чинь Хайрын бурхан юм гэнэ. Хосууд ирж адисладаг юм гэнэ

Хосууд нэрээ хоёр талд нь бичээд энд цоожлоод орхивол насан туршдаа салдаггүйм гэнээ. би нэг зүүдгиймүү гэснээ ээ дээ энэ Жийбэн улсад цоожлогдчихвол баларсан юм болох байх гээд нэжгээд сүүдэр буулгаад холдовой.

Хоолоо идэх гэтэл савхаа мартсан байлаа.

Аялал адал явдалгүй бол сонин биш байв. Нэгний маань дугуй хагарч хэсэг саатав.

Намрын налгар өдрүүд дуусах дөхөж байна даа

Зургийн хичээлийг давхар хийж л явлаа

Нутгийн зүг хүлгийн жолоо залаваа

Амжилттай газардсаныг тэмдэглэж аялалаа дуусгалаа.

20091006

Унтамхай сэрүүлэг


Орчин үеийн технологийн дэвшлийн хурдыг миний хоёр чих л лав гүйцэж сонсохгүй болж байх шиг байна. Тамирын голын мөсийг долоох шахаж хоёр идэхгүй хоосон хонохгүй хэдэн цаас цуглуулж цуглуулж нүдэнд тусаад авахгүй л бол бүтэн нойртой хонохгүй зүүдэлж сэрээд байдаг нөгөөх дамшигийг чинь авах гээд очихлээр алий хэдийний дараагийн дараагийн загвар нь гарчихсан байхымаа. За тэр технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн амьдрах ч яахав миний хэрэгцээг л хангаж байвал барав гэж.
Хэдэн сарын урд одоо цагийн хэрэглээ болоод буй нөгөөх АЛИМ компанийн үйлдвэрлэдэг И-Утас 3Г гэгч дамшигийг авсан юм. Элдэв янзын өргөтгөлүүдийг өрж гангарч ид шидийг нь бахдан биширч баахан дамшигдав. Харин өглөө болгон сэрээдэг И-Утас маань өөрөө унтчихсан юмуу, өвчин туссан юмуу бүү мэд. Өчигдөр 6.25 дуугарах байтал 7.15д дуугарав. За яахав, би буруу сануулсан юм байлгүй гэж бодсгээд ахин залруулж тохируултал өнөө өглөө 6.50д хангинаж хурд авхуулдаг байгаа. Ингэж энэ долоо хоногт хоёронтоо хоцров, хоцров ч гэж дээ хоцроов.

20090924

Улаан өдрүүд

Жийбэн улсад ирсээр "Улаан өдөр" гэдэг сайхан амралтын өдрийг мэддэг болж мэдэрч үзлээ. Өнгөрсөн улаан өдрүүд урт ч байлаа, дулаан ч байлаа. Гэхдээ энэ хэдэн өдөр бас зүгээрийг хийсэнгүй, бас нэг ч зүлгээд суусангүй.

9 сарын 20
Бидний хэдэн монголчууд 2 дахь удаагийнхаа сагсан бөмбөгийн аваргаа үзэж арьсан бөмбөг алгадаж алалцав. Коер басганн (би буриад биш л дээ гэхдээ заримдаа хэлчээд байдын) мөн коер көвн нийлсэн нийт 5 баг хоорондоо тойргоор алалцав. Багийн ахлагч болох тавн көвн хүмүүсээ сугалаагаар сугалж авахад аз муутай би 3 басганнтай хамт нэг баг болов. За яахав нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана даа гэсээр 2-р байранд орчлоо. Манай 3 басганн ч хичээхээрээ хичээлээ мань нь ч гүрийхээрээ гүрийлээ. Би ч сайн тоглодог басганнуудтай болсны ачаар азаар аман хүзүүдэв.

Тэгсэн манай багийн Центэр тоглогч Зулаа 3 онооны шидэлтээр азаргалж аваргалав. Би бас далбаан доор аз хүүгээр ёоз хүү цохиж аваргалав. ккк. Ингээд манай баг ер нь нийлбэрээрээ НЭГлэсиймдаа. Ноднин жил би бээр биеийн байдал базаахгүй байсан агаад тэрхүү тэмцээнд оролцож чадаагүй юм. Дараа жилийн тэмцээн даанч хол байна даа...

9 сарын 21
Эл өдөр хол яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохилтой гэж зурхай буусан буугаагүй бид тэр зүгт явахаар төлөвлөсөн юм. Маниусын амьдардаг аймгийн ардах нь талын аймагт орших Чидун жимсний (olivean island)арал хэмээн нэрлэгдэх үзэсгэлэнт арал дээр очиж амс хийв. Талдаа 50 минут усан онгоцоор явж хүрдэг.

Тэнд чидун жимсээрээ алдартай гэх. Бүх л юм чидун жимсээрээ нэрлэгдэсэн байх. Далайнн эргээс нар жаргахыг хэсэг хүмүүст үзүүлсийн. Нар жаргахыг үзүүлсэн хүнийг яахын. кккк
Буцахдаа нөгөө усан онгоц дотроо талцаж ЦААСАН ТЭНЭГдэж хожигдож мөрийгөө алдав.

9 сарын 22
Их амралт дуусах дөхсөн чинь өнөө 2 сийэн чинь улайрсан бухын нүд шиг улаанаараа эргэлдэж усан хүрээ татаад дотор нь шороо чихцэн юм шиг аргаад жигтэйхэн болчиж.
Тэгсэн халдварын гаралтай нүдний салст бүрхэвчийн үрэвсэлт өвчин туссан тэр юм гэнэ.
Иймэрхүү байдалтай улаан өдрийг өнгөрөөсөн байна.

20090831

Маргааш 9 сарын 1

Миний охин хорвоод хүн болж мэндлээд өдгөө 6 нас хүрчихээд нэг мэдэхнээ сургуулийн алтан босгыг алхах болчихож. Саяхан л 3150 гр жинтэй улаан нялзрай хэгдүгээр амаржих газар төрж байсансан.
Аав ээж хоёр нь хоёулаа ажилтай болхоор ясли, цэцэрлэгт явж хорвоотой танилцсандаа. Бид хоёр хоёулаа эмч болхоор ажил ихтэй, хүүхдэдээ цаг бага л зарцуулдаг. Хагас бүтэн сайнд л гадуур гарч явдаг байлаа.
Өчигдөр утсаар ярьсан чинь сургуулийнхаа нэрийг, багшийнхаа нэртэй цээжилцихэж, тэгээд бэлтгэл хийж авсан юмнуудаа дэс дараатай хэлж байнаа. Зарим нэгийнх нь нэрийг мартсан болтой ээжээсээ асуугаад л. хэхэ
Маргааш өглөө нээлтэндээ явж арван жилийн алтан босгыг алхаж орох нь дээ миний охин. Харин аав нь тэр баярт мөчид хамт байж чадахгүй нь. Аавыгаа уучлаарай.

20090821

Ойрхон байна даа

Гэртээ харихад ч, монголруугаа буцахад ч. Хүмүүс гайхаад байх юм намайг. Худан буцах юмсан, харих юмсан гэхээр юундаа яардаг байнаа гэх мэтчилэн. Нутагруугаа харихад миний гэсэн бүх юм тэнд байгаа болхоор яарах нь дамжиггүй биздээ. Аав ээж, ах дүү, анд найз, хайртай охин минь бүгд бий.
Өчигдөр өглөө ажил дээрээ ирээд уг нь цүнхээ аваад гарах санаантай мейл шалгатал хүсэн хүлээж байсан захиа маань иржээ. Дотор нь харин юу гэсэн байгаа бол гэхээс зүрхний лугшилт мэдрэгдэж бушуухан нээж үзтэл...
...тэд зөвшөөрчээ. Юу гэхлээр миний ёпоонд хийсэн судалгааны ажил маань олон улсын сэтгүүлд хэвлэгдэх болж нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн явдал байлаа. Өөртөө ч итгэхгүй хэсэг харж дахин захиаг нягталж уншаад баярласандаа босоод дэвхцэхээс наагуур л юм боллоо. Өрөөнд хүнгүй байсан тулдаа л. Тэр даруйдаа профессортоо захиаг хэвлэж уншуултал надаас илүү баятрлаж байгаа нь нүүрэнд нь харагдсан юм.
Ингээд миний ёпоонд ирсэн зорилгын маань тэн хагсаас илүү хувь нь биелэж одоо хэсэгхэн хугацаанд хичээх л үлдлээ дээ. ГАНБАРЭ ЭБУ.

20090817

Найман сарын найр, нар, нойр

Найр
Монгол хүн юм болхоороо зуны урин дулаан улиралд наадмаа тэмдэглэж эхлээд л намрын налгар өдрүүдээр найр хэсэж, наадам дамжин явах дуртайдаа ч тэрүү зун болхоор нэг л назгайраад налайгаад амармаар санагдаад байдаг юм. Гэтэл энэ жийбэнгүүд чинь амрах алжаахыг умартан ажлын мал мэт зүтгээд л хар хөлсөө цувуулаад л бөхөлзөөд байхым.
Гэснээс ойрд хүний нутаг гүний хошуунд байгаа ч гэлээ бас наргих цэнгэхээ мартсангүй. Өнгөрсөн лхавга гаригаас эхлээд эндэхийн баярт оролцож, үргэлжлүүлээд хөнгөн жаргалын орноор дэмийрч явсаар нэг мэдэхнээ ажлын өдөр болчиж. Шоу цэнгээ ихдээд өглөө ажил дээрээ иртэл ажиллах эрч хүч, идэвх алга. Цахим ертөнцөөр хэсэж элдвийг эргүүлж явсаар ойрд блогтоо нар салхи оруулаагүйг гэнэт ухааран ийн сийрүүлэвэй.

Нар
Өнгөрсөн долоо хоногт айхтар хурц нар гарч АМЬДААРАА болхоос наагуур л байна. Хоёр долоо хоногийн өмнө их усан бороо орж манай энэ хавьд арав гаруй хүн үерийн усанд үйж хорвоогоос халин одсон гэж эртээр зурагтаар зарлав. Бас болоогүй хэд хэдэн зуны амбаарыг урсгасан сурагтай. За энд ийм байлаа гэхэд монголд цас орж байна гэхийм. Байгал дэлхий гэж сонин юм даа. Найз маань амралтаа аваад нутагруугаа харьж явахад нь тээврийн жолооч нар бол нэрийг нь дурсдаггүй хайрхан СОЛОНГОТ, цаашлаад ЗАГАСТАЙН даваанууд битүү цас унасан байна гэнэ дээ. Цасанд хөлбөрөх ч бас сайхан шүү. ккк.

Нойр
Нойрыг унтаж биш сэрж бардаг л гэх юм. Яавал нойр ханатлаа унтах бол? Ойрд найр ихдээд ч тэрүү нойр дутуу, нойроо харамлаад унтах гэхээр нар шараад халаагаад мөн ч аяыг нь олоход бэрх хорвоо юм даа(Гарьд магнай киноны молиго Очирын хэлдэг үгнээс иш татав). Өнгөрсөн долоо хоногт бас хажууд суудаг эмчтэйгээ нэг жаахан ууж суугаад буу халтал хүн өдөрт 3 цаг унтахад хангалттай гэж авдгым даа. Юун 3 цаг, тэгвэл ч ёстой ядаргааны туйлд орж усанд үйсэн 10-н араас удахгүй морилох байх даа. ккк

20090629

Фүжи ууланд бид...





2009 оны 6 сарын 27-ны өглөөний 04:27 минутанд Ёпоон орны бахархал болсон ФҮЖИ уулын ноён оргил дээр би зогсож байх юм. Зүүд ч юм шиг зураг ч юм шиг гэгчээр өглөөний нар мандахыг тэрхүү хайрхан дээрээс харахад дэлхий бөөрөнхий юм гэдгийг үзэж нүдээ баясгаж сэтгэлээ сэргээгээд ирлээ.
Бидний аялал Токушимагаас гараад Кобе, Осака, Киото, Нагояа хотуудыг дайран өнгөрч нийт 580км газрыг туулан Шизуока аймгийн Фүжиномияа хотод байх Монгол тосгон буюу モンゴル村 гэж маш сайхан газар алжаалаа тайлж амарлаа. Тэндэхийн зохион байгуулагч ажилтан болох бидний үеийн 2 залуу монголоо сурталчилсан олон сайхан зүйл хийснээс гадна хөөмийлөх, морин хуур тоглох, биелгээ хийж олныг хөгжөөж байгаа нь бахархууштай санагдаж байлаа.
Хэдийгээр ФҮЖИ ууланд авиралт албан ёсоор 7-р сарын 1ээс эхэлдэг боловч энэ жил цаг агаар гайгүй, цас багатай байж биднийг харж үзсэн гэхэд хилсдэхээргүй байсан тулдаа хугацаанаас нь өмнө авирч гарсандаа миний бие баяртай байгаа гэжугаа. Авирч байх явцад агаарын даралтын зөрүүнээс улбаатайгаар зарим нэгийн маань толгой эргэх, дотор муухайрах (ялангуяа бууж байхад), хамраас цус гарах гэх мэт бяцхан ПРОБЛЕМууд гарч л байлаа. Орой дээр нь гарчаад төрийн далбаагаа мандуулаадс зургаа авхуулсны дараа сэтгэл ханамж 100 хувь болсны дараа уулнаас бууж машиндаа хүрээд хэсэг зуур амарч аваад буудалласан газарлуугаа буцахаар одвой.
Бидний буудалласан газраас холгүйхэн しらとうのタキ гэж үзэсгэлэнтэй сайхан хүрхрээг үзэж хэдэн хором саатснаар бидний аялал өндөрлөж нутгийн зүг хүлгийн жолоо залсаар ирлээ.

20090611

Yes, We can

Монголын Иргэний Агаарын Тээврийн хөлгийн техникийн засвар үйлчилгээний алба саяхан “C” check performance on SAAB-340 гдгийг амжилттай хийж гүйцэтгэсэн гэнээ. Болоошдээ тэ.
Энэ мэт өндөр өртөгөөр гадаадад хийлгэдэг сервисээ өөрсдөө хийгээд байвал. “C” check performance гэдэг нь хөлгийг бүрэн задаргаа хийж шалгаж, үйлчилгээ хийдэг юм шиг байна.

Бас ноднин жил ирсэн BOEING-737-800 өөрсдөө будаж өөрчилсөн гэсэн.

Монголчууд уг нь эвээ олоод эрчтэйхэн ажиллавал чадахгүй, мэдэхгүй зүйл үгүй бөгөөд амжилт олоход ч чадах улс даа гэж...



20090604

Replace

Блогынхоо нүүрийг нь угаагаад нөгөө хувцасыг нь өмсөгөөд амьхандаа л янзаллаа. Нилээд удаан хугацааны турш салхи сэвэр оруулаагүй болтой.
Тэгээд өмнөх бичлэгүүдээ эргээд харахнээ нэг их л хөгшин хүн шиг социализм энээ тэрээ, тэдэн онд тийм ийм байхад гэж бичжээ. Одоо орчин үерүү шилжиж глобалчлагдахгүй бол горьгүйээ энэ хүн. ккк.
Гэхдээ энд би юу ч бичиж байсан гэлээ миний мэдлийн талбар, сэтгэл үлдэж санаанд орсноо буулгасан болхоор ТА намайг битгий зэмлээрэй дээ.

Эх орон

... За хүүхдүүдээ "Эх орон" гэж юу вэ? .. гэдэг асуултыг бага ангид байхад багш маань асууж байсан ер санаанаас гардаггүй юм. Хүүхдүүд янз бүрээр л хариулна. Нэгдүгээр ангийн нусаакууд хөөрхий юугаа ч мэдэхэвдээ, ээж аавынхаа ажлыг бодож байгаад л зарим нэг нь ...эх орон бол үйлдвэр, комбинат, мал, ард түмэн... гэх мэтээр хэлж байсансан. Ер нь тэр үеийн социализмын сургалт эх орон, ажилчин, ах дүү орны харилцаа гэх мэт үндсүүдээр бядний тархийг угааж байсан л даа. Тухайн үед эх орон гээч 2 үгийг л мэдэхээс биш үгийн үндсийг нь ойгохгүй шахуу л гүйж байж. За тэгээд юугаа ч мэдэхэвдээ. Хурдхан завсарлага болоосой, ундаа олж уух юмсан гэж бодоод сууж байсан мань мэтэд тэр эх орон "Асуудал" биш шиг санагддаг байлаа.
Саяхан монголруугаа ажлын шугамаар нэгээхэн долоо хоночоод ирлээ. Алба, амины (амины ажил шоудах биш шүү) ажлаа хослуулчих санаатай нилээдгүй гүйлээ дээ. Нэг орой аавындаа хоол идээд сууж байтал номын тавиур дээр "Булган аймгийн Бага нэвтэрхий толь" гээч урд хожид үзэгдэж харагдаагүй ном байхаар нь аваад үзлээ. Хамгийн түрүүнд харахыг хүссэн зүйл маань өвөөгийнхөө тухай. Миний өвөө Булган аймагт 20 гаруй жил ажилж амьдарсан нэгэн. Үндэс угсаа гэвэл Булганы хүн биш л дээ. Тиймдээ ч би тэр сайхан нутагт төрсөн байх л даа. Аймгийн үзэл суртал ухуулагч.., аймгийн нэгдүгээр нарийн бичгийн дарга олон жил хийж булган аймгийн бүтээн байгуулалтад олон ч зүйлийг хийж босгож явсан. Булганд "ширүүн хар" нэрээрээ алдартай, булганы ард түмэн сайн ч мэддэг. Хэдийн чанга хатуу хүн ч далайлт нь сүртэй ч буулт нь зөөлөн гэж хүмүүс ярихыг олонтаа сонсож байлаа.
Тэрхүү бага толь бичигт Булган аймгийн даргаар ажилж байсан (заримыг нь санахгүй байна) Гөлгөө, Лхагвасүрэн, Бадарч, Жавзмаа, Раднаа, Оюунбат (энэ сүүлийн нөхөр одоо аймгийн засаг даргаар ажилж байгаа юм)гэж хүмүүсийн нэр ажилж байсан он сараар тавьсан байхад өвөөгийн маань нэрийг ч дурсаагүй байсан нь хачирхалтай ч эгдүүцмээр санагдаж байлаа. Энэ хүн аавын маань аав болох Содномжамц гэдэг байсан. Энэ хүн хэдий Булганы уугуул иргэн биш ч гэлээ энэ аймгийн төлөө хөлс, хөдөлмөрөө зориулж байсанг нь дурсах битгий хэл мөнхлөх ёстой мэт санагдсан. Хүний хийсэн бүтээсэнг үгүйсгэж байгаагаас ялгаа юу байхав. Хэтэрхий нутгархаж, нэг талыг барьсан санагдсан.
Миний ээжийн аав мөн л Булган аймагт "насаараа" ажилж амьдарсан. Гэхдээ Лоохууз, Нямбуу, Сүрмаажав нарын хамсаатан хэмээн буруутгагдаж хэлмэгдэн нутаг заагдаж энэ газар ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш ажил амьдралын гараагаа эхэлж сууршисан юм. Ардчилал гартал хараа хяналтанд, мөрдлөг, сэрдлэгэн дор байсанг миний бие ухаан орсон байсан тэр цагт мэдэрч эхэлсэн. Тухайн үеийн хүмүүс эдийн засгийн ашиг сонирхол, хувийн ашиг харж ажилдаггүй байсан. Тэдний л нэгэн адил Булган аймагт хөдөлмөрлөж бүтээж явсан. Энэ хүний тухай бас л тэр номонд дурдагдаагүй байлаа...
Ийм нэг цухасхан бодол тэрхүү агшинд тархинд бууж байсанг одоо энд сийрүүлж бичлээ.
Эцэст нь эх орон л бол эх орон. Өчүүхэн зүйлд нутгархаж, үндэсхэрхэх үзэл санаа хизнээн явцуу болхыг жижигхэн жишээн дээрээс л ингэж харагдаж байна. Харь газар суугаа бидэнд монголын хаана нь ч очсон цээж дүүрэн амьсгалж (улаанбаатар маань утаатай ч сайхан шүү ккк), хамаг чадлаараа хашгирсан ч хэн ч хориглохгүйд л эх орныхоо иргэний хувьд эрх чөлөөгөө эдэлж байгаагын илрэл бусуу.
би эх орон гэдэг асуултанд ингэж л хариулах байна.

20090323

Бодох л зүйлийн нэг

Үндэсний аюулгүй байдал гэж яриад л байдаг. Манайд ч тийм нэр томъёо байхаа больсон юм шиг байгаам.
Саяхан мэргэжил нэгт нөхөдтэй буу халж байхнээ Монголд төрж байгаа хүүхдүүдэд зүрхний төрөлхийн гажиг элбэг тохиолдож байгаа, мөн нэг толоо хоногт төрж байгаа нийт нярайн (доод тал нь) хоёр нь төрөлхийн гажигтай хүүхэд!!!
Ингээд бодсон чинь нэг сард 8-10 хүүхэд төрөлхийн гажигтай буюу эрүүл бус байгаа нь харамсалтай.
Гэтэл экспертүүдийнх нь дүгнэж байгаагаар энэ их мөнгөн ус, цианит натри, хятдын хортой хоол хүнс ийм байдалд хүргэж байгаа (мөнгөн ус, цианит натри хятдаас орж ирж байгаа, хоол хүнс бүр ихэнх нь хятдаас).
Социалист нийгэмд манайхан ядаж л хүнсний ногоо, гурилаа өөрсдөө хийгээд идчихдэг байж дээ. Мах гурил байхад монголчууд уг нь амьдраад байна даа. Гурилаа ядаж л өөрсдөө хийгээд иддэг болчвол. Захын жишээ гэхэд дэлгүүрүүдээр зардаг хэрчсэн гурил,бэлэнчлэх дуртай болсон орчин цагийн монголчуудавах нь ч ихсэж. Үүнийг хужаагийн хамгийн муу гурилаар хийдэг бөгөөд удаан хадгалахын тулд хлор агуулсан нэгдлээр бүрдэг гэж байх юм.

Дор бүрнээ хичээж, үндэстнээ мөхөлрүү унахаас хамгаалах хэрэгтэй болждээ.

20090224

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Цагаан сар тэмдэглэлгүй арлын орны арал дээр 3 дахь жилээ угтаж байна даа гэж. Энд ажлынхаа өрөөндөө араажаваар бөх сонсоостой, хальт ажлаа дэлгээстэй, сэтгэл сэм сэмхэн догдлоостой, ходоод хоржигноод битүүний буузаа санагалзаастай, үе үехэн айраг үнэртээд ч байх шиг, аргаа бараад ногоон цай балгаастай (уг нь шар айраг уумаар л байна даанч ажил тардаггүй) нэг иймэрхүү дүр төрх байгааг нуух юун.
Бага байхад өвөөгийнд манайхан бүгд цуглаад битүүлгээ хийхээр бэлтгэнэ дээ. Хотоос бүгд ирээд бужигнаад өнөөх дүнзэн байшинд багталцаж ядан байх нь мөн ч таатай сайхан байж дээ. Бөх гарах дөхөхөөр л ЗУРАГТАА ЯНЗАЛ, АНТИНАА ЗАСААРАЙ гээд л аав, ах нар лүндэн буулгана шүү дээ. Тэр үед аймгийн төвд зурагт нилээд тааруу гарнаа. Оросын дөрвөлжин моднууд (рекорд 345) жирэлзээстэй. айргаа уугаад л, зарим нь ууц чанаад, эмэгтэйчүүд таваг идээ будаа засаад, зарим нь гэр цэвэрлээд л, жинхэнэ коммунист субботник тэнд чинь өрнөнө шүү дээ. Гадаа хэсэг нь түлээ түлш, ус мөс болоод ч байх шиг. Нэг тиймэрхүү сар шинийг бэлтгээд оройдоо битүүрээд, манай өвөөгийн эгчийнх бас ойрхон байдаг байлаа. Тэднийд заавал очино. Буцаж гэртээ харьж ирээд оны аз үзнэ хэмээж ёондоотой муушиг тоглоно шүү дэ хэхэ.
Шинийн нэгэн. Өглөө юу юугүй туугдаж босоод зүг мар гэж бужигнаад л золгуут болно доо. Өвөө эмээ маань хүүхдүүд ач зээ нар нийлээд тэр үед 30 гаруй хүн болсон байв. Цувраад золголт болоход нилээд урт цуваа үүсэх нь одоо ч нүдэнд тодхон.
Өвөөгийнд хүн их ирдэг болхоор айл хэсэх асуудал нилээд хүнд. Зочноо гарангуут л араас гарч явтал дараагийн золгуутен улс таараад буцаад гэрлүүгээ орно доо. Ингэж цагаан сараа тэмдэглээгүй удаж дээ удаж.

20090219

Жаргал Зовлон

...Хэт элбэг жаргалд
Хэсэгхэн зовлон амттай
Жаргал ховор цагт
Жаргалын бага нь амттай...

Бодлоо л доо. Жаргал гэж юу юм гэж. Хязгааргүй уудам талд хүссэнээрээ амьдрах бол надад жаргал. Мэдээж хүн бүхэнд өөр өөр. Угтаа бол хүн бүхэнд л ямар нэг хэмжээгээр бага, их зовлон байдаг нь хорвоогийн жам л гэхээс өөр юу гэхэв. Сэтгэлийн учигийг нь тайлж уншиж чадахгүй л болхоос биш бүх хүнд зовлон байгаа. Тэр зовлонгийн үндэсийг хүн өөрөө бий болгоод тэрэндээ зовоод зүдрээд байх хэрэгтэй ч юмуу гүй ч юмуу гэж эхэндээ боддог байлаа. Гэтэл үгүй юмаа. Жаргалыг хайж эрж яваад зовлон болгочихдог нь зөндөө. Наанадаж л гэмээ нь амралт зугаалга, найр наадам, зугаа цэнгэлд сархад гээч идээний дээд тэргүүтэнг дээд урууландаа ч хүргэлгүй хөнтөрч орчноос тасарч, алив зовлонгоо умартан аз жаргалд хэсэгхэн умбаж адаг сүүлд нь өнөөх сархадынхаа балагаар агсан согтуу, зодоон нүдээн, цаашилбал алж талах үйлдэл хийсэн нь амьдын зовлонд унагадаг нигууртайг би энд бичих нь бараг илүүц юм шиг санагдлаа. Гэхдээ л цаас хэдий нимгэн ч, хүн хэдий ухаантай ч гэдэг болхоор л илүү үглээд дахин сийрүүлэхийг хичээнгүйлэв.
зарим нэгэндээ аминчлан захиж ахиж битгий ингэ тэг гэхэд ганц олдох амьдралаа жаргаж яваад дууганаа ч гэх хүн цөөнгүй. Тэдний буруу биш ч юм шиг. Гэхдээ л зовлонд уначихаараа зовох мөрөөрөө зовохгүй бусдыг давхар зовоож, толгойтой хэдэн үсийг нь бууралтуулж, тоотой хэдэн эсийг нь үхүүлж, алгын чинээ арьсыг нь үрчийлгэх нь халтай ч хайран ч.
Бид мэдрэхгүй л дээ, тэр зовлон шаналалыг. Гагцхүү ээж хүн л тэр бүхэнд зовж шаналдагыг саяхан л мэдэрлээ. Эхийн санаа үрд гэж. хүүхэд нь зовлонд унахад эх зовно, жаргалтай байвал эх нь жаргалтай л байна. Гэхдээ бас заримдаа ээжийнхаа санааг зовоохгүй юмсан гээд хэлэхгүй үе зөндөө л тохиодог шдэ. Тэр бүхэнд эх хүн зөн совингоороо мэдэрч, сэтгэлээ чилээж байдаг. Эх хүн хүүхэддээ гэдэг жаргал бэлэглэгч, зовлонг саринуулагч амьд бурхан гэхэд хэнбугай нь ч үгүйсгэхгүй биз.
Энэ бичлэг юу болж хувираваа. Тархиндаа орсноо л энд буулгаад байтал бодрол ч юм шиг, захиас ч юм шиг, хэн нэгнийг буруутгаад ч байгаам шиг. Өнөөдөр нэг л тавгүй байх чинь. Хэн нэгний өмнөөс бас л шаналж буй учраас л тэр. Миний өчүүхэн шаналалын учигийг эндээс ойх нэг нь ойно биз.
Би гарах боллоо...

20090216

Osaka Auto Messe 2009

Өнгөрсөн бямба гаригийн амралтаараа ОСАКА АВТО МИССЕ-2009 очиж үзлээ. Хобби, хүсэл хоёртоо хөтлөгдөөд дотор нь ороод нүд баясгаж сэтгэл сэргээсэн төмөр хүлгүүдийг нэгийг ч алгасалгүй ажисаар нэг мэдэхнээ хаах цаг нь болсон байналээ.
Ихэнх машинуудынхаа интериер-т нь анхаарал тавьсан байсан, ялангуяа интертэйнмент талдаа бүр ч тасархай. Диско клаб шиг ВАН загварын машинууд дээр хүмүүс шаваастай.
Тэнд амьтаны нүд унагаасан хос БЕНЦ-СЛК байвшдэ.
Гадна тал, дотор тал, обуд, гэрэл гээд л бүгд СВАРОВСКИЙ-н шигтгээгээр бүрмэл.
За тэгээд л сайхан сайхан амьтад ч байналээ дээ.









20090120

Миний муу найз

Яахавдээ, хүнд найз нөхөр олон л байдаг. Цэцэрлэгийн, дунд сургуулийн, зуслангийн, их сургуулийн, цэргийн, байрны, байгуулгын гээ л зөндөө зөндөө. Надад ч мөн адил, одоо бүр ВИМО-н гэсэн нэг тодотголтой найз нар ч нилээдгүй байна.
Харин өлгийний найз гэвэл ганцхан бий.
Харин өлгийний найз маань ганц бий. Уг нь бид хоёр гэдсэнд байхдаа зэрэг гарна шүү гэж тохиролцсон байсан чинь нөгөөх маань бултаад хорь хоногийн өмнө гарчдаг байгаа. Би ч хоногоо гүйцээнэ гээ л байгаад байсан. Тэгж тэгж гараад ирэвшдэ. Гэхдээ түрүүлж гарчаад надаас намхан байсан юм даа (одоо ч гэсэн надаас намхан хэвээрээ, ккк)...

... Бага сургуульд орохын наахна зун лагерт хамт л бужигнуулдаг л байж. Элдэв тоглоом тоглох болхоороо, дугуйгаа ээлжилж унадаг байсан болхоор АХАРХАЖ ахаараа би эхэлж унана гээ л дайрчина. Юм л бол ахаараа, ахаараа гээ л байна. Би ч хожигдож гарсанаа хүлээн зөвшөөрдөг байлаа л даа.

...Дунд сургуульд гуравдугаар ангид байхдаа ЖАРГАЛАНТ пионерийн зусланд хамт амрав. ОРГИЛ бүлгийн ОРГИЛбулган гээ л бас томорноо яджаахад. Гэтэл цэнгээнт бүжгийн тэмцээн болж хос хосоороо бүжиг заалгав. Мань хүн их идэвхтэй, харин би ч байхгүйээ хэсэг нөхөдтэй зугтаагаад ууланд гараад жимс самархан эргүүлээд алга болно. Тэгсэн Оогоо тэмцээнд түрүүлээд баярын бичгээр шагнуулаа л аааяяя. Партнёртоо сэтгэлийн жолоогоо алдаа л аааяяя.

...Их сургуульд эдний гэрийнхэн унгар-луу нилээд удаан хугацаагаар явсан тул бид хоёр гэрийг нь манаж үлдээд дураараа жиргэж дунд чөмгөөрөө наадна гэгч болгов шдэ. Ойр ойрхон паатий зохиогоо л, гэрээ баар шиг болгочноо яджаахад. Их сургуулийн ангийнханаараа ямар нэг баяр болхоор л эднийхрүү хушуурна. Тарсан өдөр, шинэ жил гээ л мундах биш.

За ийм л түүхтэй, тийм л найзууддаа. Ярьвал ч зөндөө пан ч бий, паян ч бий гэж.

Олон үг нуршилгүй Эрхэм өлгийний анддаа ТӨРСӨН ӨДРИЙН халуун мэндийг алс холын арлын орноос ВИМО-р дамжуулан нөхөр миний бие мэндчилж аяны дугараа баръяаа.