20090219

Жаргал Зовлон

...Хэт элбэг жаргалд
Хэсэгхэн зовлон амттай
Жаргал ховор цагт
Жаргалын бага нь амттай...

Бодлоо л доо. Жаргал гэж юу юм гэж. Хязгааргүй уудам талд хүссэнээрээ амьдрах бол надад жаргал. Мэдээж хүн бүхэнд өөр өөр. Угтаа бол хүн бүхэнд л ямар нэг хэмжээгээр бага, их зовлон байдаг нь хорвоогийн жам л гэхээс өөр юу гэхэв. Сэтгэлийн учигийг нь тайлж уншиж чадахгүй л болхоос биш бүх хүнд зовлон байгаа. Тэр зовлонгийн үндэсийг хүн өөрөө бий болгоод тэрэндээ зовоод зүдрээд байх хэрэгтэй ч юмуу гүй ч юмуу гэж эхэндээ боддог байлаа. Гэтэл үгүй юмаа. Жаргалыг хайж эрж яваад зовлон болгочихдог нь зөндөө. Наанадаж л гэмээ нь амралт зугаалга, найр наадам, зугаа цэнгэлд сархад гээч идээний дээд тэргүүтэнг дээд урууландаа ч хүргэлгүй хөнтөрч орчноос тасарч, алив зовлонгоо умартан аз жаргалд хэсэгхэн умбаж адаг сүүлд нь өнөөх сархадынхаа балагаар агсан согтуу, зодоон нүдээн, цаашилбал алж талах үйлдэл хийсэн нь амьдын зовлонд унагадаг нигууртайг би энд бичих нь бараг илүүц юм шиг санагдлаа. Гэхдээ л цаас хэдий нимгэн ч, хүн хэдий ухаантай ч гэдэг болхоор л илүү үглээд дахин сийрүүлэхийг хичээнгүйлэв.
зарим нэгэндээ аминчлан захиж ахиж битгий ингэ тэг гэхэд ганц олдох амьдралаа жаргаж яваад дууганаа ч гэх хүн цөөнгүй. Тэдний буруу биш ч юм шиг. Гэхдээ л зовлонд уначихаараа зовох мөрөөрөө зовохгүй бусдыг давхар зовоож, толгойтой хэдэн үсийг нь бууралтуулж, тоотой хэдэн эсийг нь үхүүлж, алгын чинээ арьсыг нь үрчийлгэх нь халтай ч хайран ч.
Бид мэдрэхгүй л дээ, тэр зовлон шаналалыг. Гагцхүү ээж хүн л тэр бүхэнд зовж шаналдагыг саяхан л мэдэрлээ. Эхийн санаа үрд гэж. хүүхэд нь зовлонд унахад эх зовно, жаргалтай байвал эх нь жаргалтай л байна. Гэхдээ бас заримдаа ээжийнхаа санааг зовоохгүй юмсан гээд хэлэхгүй үе зөндөө л тохиодог шдэ. Тэр бүхэнд эх хүн зөн совингоороо мэдэрч, сэтгэлээ чилээж байдаг. Эх хүн хүүхэддээ гэдэг жаргал бэлэглэгч, зовлонг саринуулагч амьд бурхан гэхэд хэнбугай нь ч үгүйсгэхгүй биз.
Энэ бичлэг юу болж хувираваа. Тархиндаа орсноо л энд буулгаад байтал бодрол ч юм шиг, захиас ч юм шиг, хэн нэгнийг буруутгаад ч байгаам шиг. Өнөөдөр нэг л тавгүй байх чинь. Хэн нэгний өмнөөс бас л шаналж буй учраас л тэр. Миний өчүүхэн шаналалын учигийг эндээс ойх нэг нь ойно биз.
Би гарах боллоо...

No comments: