20180921

Эмч нар яагаад ууртай байдаг вэ?

Эмнэлгийн коридороор эгцлэн хараад инээмсэглэн явбал эгцэлж өөдөөс ирсэн хэн нэгэн ямар нэгэн зүйл заавал асууж өнгөрнө, мэдсээр байж ямар нэгэн зүйлийг янз үзэж байгаа юм шиг заавал шалгаана- 00 хаана вэ, гарах гарц хаана вэ, тэр энэ эмч хаана байна гэхчилэн. Тиймээс коридороор гашуудалд орж буй мэт доош харж дорой царайлж явах эмч олонтаа. Ингээд эмч нар уруу дорой царайтай уурлаж уцаарласан юмнууд хоч зүүнэ. 
Эмнэлгийн амбулторит үзлэг хийж байхад хаалга онголзуулж хөтөчийн ажлыг давхар гүйцэтгүүлэх нь энүүхэнд. Хаалгаар толгойгоо цухуйлган элдэв зүйл асуух үед хариултыг нь хангалттай харилцааны соёлтой хэлэхэд толгой бүтэн бие болж орж ирээд гар бариад бугуй барих гэж үзнэ. Зарим нэгэнд нь эелдэг хандахаар оочергүй язэж өгөөч, хөдөөнөөс ирсэн хөгшин хүн харж үзээч гэхчлэн гуйлга тасрахгүй. Оочероороо орж ирсэнд онцолж сайхан хандвал одоо манайхны нэг нь гадаа байна гялс үзээд өгөөч гэж даврах. Ийм аттакад олон өртөхгүйн тулд хөмсөг зангидаастай хөндлөн суугаастай үзлэгээ хийгээд зөвлөгөөг нь өгөөд өөр илүү хөдөлгөөнгүй гаргахаар муухай ааштай эмч нэр зүүнэ. Эмнэлгийн ажил цагтаа тарахгүй нь олонтаа. 
Эмнэлэгт ирсэн бужигнасан олон хүнд үйлчлэх үзэх эмчлэх эмнэх гэж мэдрэлийн хамаг эсээ, мэдрэхүйн эрхтэнээ тултал ашиглаад орой болоход нөгөө эсүүд нь БАЙЯАА АХАА болтолоо ядарсан тул ярвайж дарвайгаад яаж ч сайхан харагдахав дээ. Ингээд эмч нар их зантай ярвайсан юмнууд гэж зүслэгдэх. Гаднаасаа халад өмссөн эмч төрхтэй ч гэлээ доторх нь бусдын адил эд эс, эрхтэнтэй хүн шүү дээ. Иргэн та ч гэсэн эмчид хүндэтгэлтэй хандвал эргээд тийм хүндэтгэлийг хүлээнэ. 
2018.04.06 ХСҮТ Б.Эрдэнэбулган

Хүний үнэр

Хүйтний ам наашилж хөхүүрийн цаашилж байна даа. Гэснээс зуны гурван сард зугаатайхан байх гээд шорлогны махаа бэлдээд шор төмрөө зэхээд голын эрэг дагуу гоёхон цэцэгсийн дунд сууна даа гээд бодон бодон хуучин сонгины амралт чиглэн явсаар гольфийн талбайн наахна очиж голын эрэг бараадав. Ингээд миний ажил өрнөж амталсан махаа шарж борголын шүүсээ шимэн суухуйяа сэтгэл амар нэг л тайван. Гэнэт хэн нэг нь хийгээ гаргавуу гэмээр үнэр сэннн хийв. За яахав нэг удаа тэсье гээд бодож дуусаагүй байтал дахиад нахив. Арай гэхэд арай л авч байгаам чинь, тэгээд хамт олондоо хэн нь агаарын ариун чанар алдагдуулаад байнаа гэтэл би ч биш би ч бий гэснээ бүгд ам хамраа даран шуугилдав. Гэтэл голоос нөгөө айхтар ХҮНИЙ ҮНЭР үнэрсэн байж. Хатан Туул минь хүний зовлонг гэтэлгэсээр эцэс сүүлд нь хүний үнэрт уусах ч гэж дээ гэж харамсах ч багадахаар санагдав. Хан Богд минь хүний хөлд дарагдан Хатан Туул минь хүний үнэрт автан хогийн ургамал, хогийн сав шиг болж дээ. Гэхдээ үнэхээр арай л муухай үнэртэж байсан шүү хэлэх ч юм биш.
Цаг сайхан байхад нэгэн удаа тэнд очиж мах шарж идэж байсан нь санаанд бууж тийшээ чиглэн олныг дагуулан очсон сонголт буруудав. Гэвч хүний үнэр тийм байдгыг мэдрэн мэдрэн махаа шарж идээд буцсан юм.
Хүмүүс хоорондоо нэгнийгээ муулахдаа ...өмхий санаатай... энэ тэр гэдэг нь оргүй зүйл биш болтой. Өмхий үнэр хүнээс гардаг юм чинь тэр үнэр хүний л үнэр байж таараа.

20171206

Цөвүүн цагийн эхлэл юмуу төгсгөл юм уу..?

Монгол улс маань өдөр ирэх тусам зарим зүйл нь өнгө нэмж өөдрөг хөгжиж л байгааг та бид мэдэрч байгаа байх. Дандаа хар бараанаар харж стрессдээд яахав бас заримдаа эерэгээр харж байхад сэтгэл бага ч болов сэргэх буй. Хятдууд нэг хэсэг хүний олноор улсаа хурдацтай хөгжүүлсэн ч хүний хөгжил нь ард хоцорсон хэвээр байсан. Нөгөө л нус цэрээ хаядаг, чанга чанга орилж хашгичдаг байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн сард урд хөршид зорчиход тэр байдал арилж хүмүүс нь соёлжсон гэж жигтэйхэн байх. Англи хэлээр хүмүүс нь ярьдаг болж, азийн бусад орнуудаас харагдах байдал соёлоороо ялгагдахаа больж. Хятад ч гэлтгүй азийн орнуудын дундаж наслалт өндөр байдаг. Эрүүл мэнддээ цаг мөнгө зарж чаддаг хүмүүс юм.
Гэтэл бид гаднаа гяланцаг, дотроо паланцаг хэвээр л. Одоо бүр оюуны тэнэгрэлд орсон нь ихсээд байх шиг. Өчигдөр Булган аймгийн иргэдийн хуралд Хавдаргүй Булган төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан тавихаар очиж үгээ хэлж үйлээ үзлээ. Яахав аль хурал цагаасаа хойшилж удахыг тэр гэхэв, гэтэл өдрийн 2 цагт орох байдал асуудал орой 8 цаг гэхэд ороогүйгээр барах уу засаг даргаруу нь гуьн байж орлоо. Иргэдийн хурлын дарга хэмээх буурал үс сахалтай, саарал гоожтой хижээл насны ярвайсан эр цагаар хавчин шахаж санхүүгийн тайлан хэлэлцүүлсэн манай удирдах зөвлөлийн даргыг хөөн доромжлов. Эрүүл мэнддээ цаг мөнгө зарцуулж чадахгүй удирдлага нь иьм байхад иргэдтэй нь яриад ч яахав. Угтаа бол энэ асуудлыг цааш нь яаж хөгжүүлэхэв, яаж иргэдээ эрүүл байлгах вэ гэдэг талаас нь хэдхэн минут зарцуулахад нэг их гарч үгүй мэт. Төсөв хэлцүүлэх хурлын дундуур дэг эвдэж орж ирчээд удлаа... гэж хурлын дарга зандрангуй хөөхөд бидний хийсэн ажлыг ингэж үнэлж байгаа юм байна, мөн эрййл мэндийн асуудал нэн чухал асуудал биш юм байна гэсэн бодол зурсхийв. Иргэдийн хуралд сууж буй эрхэм түшээд дотор эцэг эх элгэн садан нь хавдраар өвдөхөд хавдрын эмнэлэг дээр уйлан хайлан гүйж явсан эрхмүүд тэрхэн зовлонгоо умартсан уу эсвэл зовлон гэж тоосонгүй юу алин болхыг би хэлж таашгүй.
Хурлын төгсгөлд алс холоос ирсэн биднийг сайн явахыг ерөөхөө байг гэхэд буруу зөрүү тайлбар хийж биднийг хорлолоо аллаа гэхчилэн уур бухимдалаа гаргах нь намын нэр хүнд, өөрсдийн амбицаа хадгалж үлдэх гэсэн увайгүй сэтгэлээр хандсан нь харагдаж байлаа. Эрүүл мэндийн асуудлыг 2016 оноос улс төржүүлэн сонгуулийн хэрэгсэл болгосоор ирсэн. 2017 онд М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг болон Элэг бүтэн монгол хөтөлбөр. Сайхан ажил эхлэх нь дээ гэж баярлаж байтал шууд сонгуулийн хэрэгсэл болгосон доо. Эрүүл мэнд, боловсрол хоёр бол улс төрөөс ангид байх ёстой атал бүх зүйлийг улс төржүүлж эрх мэдэлтэй хүмүүсийн кариераа өсгөх орон зай болсонд миний бие гүнээ харамсаж байна. Ийм байхад монгол хүн өвчтэй, монгол хүн боловсролгүй, монгол хүн ядуу, монгол хүн цэвдэг сэтгэлтэй байх нь арга буюу. Монгол хүний сайхан сэтгэл хаачив, монгол хүний уужуу ухаан хаачив энэ бүхэн улс төр намчирхасан бохир тоглоомны золиос болоод монгол гэх тодотголтой зүйл ирээдүйд нэгээхэн ч үлдэхгүй болох үндэс тавигдах нь дээ. Бидэнд өвөг дээдсээс үлдсэн сургааль, өв хөрөнгө, соёл, газар нутаг олон үед өвлөгдөн үлдэх байтал энэ муухай үед бүгдийг нь дуусгачвал үлдсэн үр хүүхдүүд минь яаж амьдрах юм бол.
Би шашин шүтдэггүй л дээ, харин ч шарын шашныг үзэн яддаг нэгэн. Гэтэл шарын шашин дотор нэг урсгал байдаг гэх- зөвхөн өөрийн амьдарч буй үедээ л бүх сайн сайхныг эдэлж хэрэглэж жаргаж дуусах, хойч үе нь бол яаж ч ядарч байсан хамаагүй гэх. Төрд сууж буй түшээд ихэнх нь түүнийг шүтдэг гэх- ШҮГДЭН гэдэг нэртэй. Тийм л хувиа хичээсэн амьдралаар амьдрахыг хүсэгчид олширч дээ.
За нэг иймэрхүү хуралд явж ирээд энд хамаг стрессээ л тайлахын хажуугаар салхи оруулавай.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут урганаа гэж бас бий. Дуракуудтай үзэлцэнээ яадгын.

20170914

Нэгэн түүх

Нэгэн залууд ажил олдохгүй хайж явсаар арай гэж нэг хувийн албан байгууллагын цэвэрлэгчээр ажилд орох болжээ. Байгууллагын хүний нөөцийн албаны даргын өрөөнд учир байдлаа танилцуулж байтал нэг цаас өгөөд анкетаа бөглөнө үү гэжээ. Гэтэл нөгөө залуу бичиг үсэг мэдэхгүй байсан тул ажил орж чадсангүй гундуухан албан байгууллагаас гарч явахдаа өөрийгөө  азгүй гэж бодон халаасаа ухаж үзтэл хоол авч идэж ч хүрэхгүй хэрийн  мөнгө үлдсэн байв. 
Залуу ихэд гутран бичиг үсэг сурч байхгүй яав даа хэмээн өөрийгөө адлан алхаж явсаар жимсний худалдааны хажууд ирэв. Алим авч хүрэх байсан ч ганц л алим авах мөнгө байсанд энийг идээд л үхье гэж бодон нэг алим авсан ч идэж чадахгүй арчсаар явж. Гэтэл нэгэн залуу гүйж ирээд нөгөө залуугаас яасан сайхан алим бэ, та алимаа зарчаач, найз охиндоо бэлэглэх гэсэн юм хэмээсэнд ганц алим 500 төгрөгөөр авсанаа бодон бодон хариу хэлж чадахгүй зогссонд нөгөө залуу 1000 төгрөг өгч дахин гуйхад залуу мөнгийг авч алимаа өгөв. 1000 төгрөгтэй болсон залуу удаан бодсоны эцэст алим аваад цэвэрлээд цэцэрлэгт хүрээлэн дэх хосуудад зарж болох юм байна гээд дахин хоёр алим авч сайхан цэвэрлэж зарж, ийм байдлаар зарсаар нэг мэдэхэд нилээдгүй мөнгөтэй ч болж өөрийн гэсэн жимсний мухлагтай болсон байв. 
Нилээд хугацаа өнгөрсний дараа мөнгөө гэртээ хураасаар маш их болсон ч мөнгөө тоолж чадахгүй байсан тул хамгийн найдвартайгаар нь банкинд хадгалуулья гэж бодоод мөнгөө савлан банкруу очив. Банкны ажилтан мөнгүүдийг харж гайхахын зэрэгцээ банкны захирлыг дуудан хэлсэнд захирал тусгай өрөөнд оруулан мөнгүүдийг цэгцлэн толгойлж тоолсны дараа нөгөөх залууд банкны орлогын маягттай танилцан гарын үсгээ зурна уу хэмээсэнд нөгөөх залуу уншиж ч мэдэхгүй бичиж ч мэдэхгүй гэхийн хажуугаар яаж мөнгө олсон тухайгаа ч ярьжээ. Банкны эзэн удаан тэвчээртэй сонссны эцэст хэрвээ та бичиг үсэг мэддэг байсан бол бүр тэрбумтан болох байсын биш үү гэхэд нөгөө залуу хэрвээ би бичиг үсэг мэддэг байсан бол өдийд албан байгууллагын цэвэрлэгч л явж байх байсан юмаа гэж хэлээд эрхий хурууны өндгөөрөө тамганы тосонд дүрж хуудас цаасан дээр дараад гарч одов. 

20170724

Нэг үе

Надад ийм нэгэн нэртэй төртэй хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн клуб байдаг. Бүтэн нэр нь Булган Нэг Үе. Бид нэгдээд удаагүй ч нутаг усандаа хэрэгтэй зүйлийг санаачлан бүтээхээр санаа сэтгэл нэгдсэн юм. Олон ажлууд төлөвлөсөн ч эхнээсээ үйл хэрэг маань бүтэмжтэй сайхан эхэлсэн. Хавдаргүй булган  төслийг энэ оны хавар гүйцэтгэж эрүүл мэндийн салбарлуу өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу яалтчгүй орсоон. Булган нутгийн нийт иргэдийн 1/4-г хамруулсан ажил маань ам сайтай байж амжилттай дууслаа. Энэ жилд бидний нэг үеийнхэн эрвийх дэрвийхээрээ л бүгд оролцож байсан нь нэг үед байгаа хэдий ч эмч надад сэтгэл хангалуун сайхан байлаа. эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүс хэдий ч сэтгэл байхад бүхнийг хийж болдогын тод жишээд тэд маань тод томруунаар үлгэрлэн харуулж чадсан шүү. 
ТА НАРААРАА БАХАРХАХГҮЙ БАЙХЫН АРГА АЛГА. 

Олон талын байгууллага, компани, хувь хүмүүс энэ үйл хэрэгт сэтгэлчлэн оролцосныг заримаас нь дурьдвал эмийн тарилгын АйВиКо үйлдвэр, Сэлэнгэ пресс хэвлэлийн үйлдвэр, Хавдар судлалын үндэсний төв, Афта компани, Булган Анар компани зэрэг байгууллагууд, миний шавь нар болон манай нэг үеийн бүх гишүүд дэмжлэг үзүүлсэнд ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛЬЕ!
Дараа жил бид ходоодны хавдрын эсрэг үзлэг явагдах бөгөөд иргэдийг хавдар гэдэг аюулт өвчнөөс өөрсдөө сэргийлэх чадамжтай болтол нь сургалт хийх нь зөв юм байна гэсэн бодолд хүрч энэ ажил маань түүнтэй уялдаж байгаад нэн таатай байна. Нэг үеийнхэн маань эрүүл мэндээс гадна нутаг орондоо гэсэн сайхан сэтгэл өвөрлөж сиймхий торго сэтэрхий тэвнэ байсан ч нэмэрлэж байгаа нь үнэхээр үлгэр жишээ байгаагын илрэл бусуу.                     
За ингээд зүтгээд байж дээ нэг үеийнхэн минь.