20080921

Амьдралын их сургууль

Энэ бол миний ажил хөдөлмөр хийж эхэлсэн амьдралын их далайд хөл тавьсан тухай товчхон. Нэгэн буйдхан жуулчны баазад ажилж эхэлсэн маань миний өвөөгийн ач гавьяа билээ. Тэр хүн өдгөө байхгүй ч гэлээ би үргэлж санагалзаж байдаг. Миний өвөө нутаг орондоо нэртэй төдийгүй гэр бүл үр ачдаа энэрэлтэйгээс энэрэлтэй уяхан тийм л нэгэн байлаа. Би мэдээ орсон цагаасаа эхлээд л өвөө эмээ дээрээ өсөж хүн шиг хүн болж, амьдрал гэдгийг мэдэрсэн юм. Сургуульд ороогүй л жаахан байсан, миний өвөө "Жаргалант" пионерийн лагерийн захирал хийдэг байлаа. 6 сарын эхээр зуслан ажилж эхлэн хүүхдүүдээ хүлээн авахад л бид тэнд аль хэдий нь очсон байна. Өвөө бид 2 нэг модон байранд хоёр төмөр ор, нэг түмбүүчиг, ширээ байна. Зуслан маань уулын аманд байдаг тул оройдоо сэрүүхэн гэж жигтэйхэн. Заримдаа өрөөний пийшинг галлаж дулаацна. Хүүхдийн зусланд дандаа том ах эгч нар. Би дунд нь бол жижигдэнэ. Улаан булан, биеийн тамитын талбай, эсүүл мухлагын хавиар л эргэлдэнэ. Хааяа өвөө маань аймгийн төв орохдоо дагуулж явнадаа. Эмээ дээрээ очиж нэг хоноод маргааш нь зусланруугаа явдаг байж. 8 сарын сүүл гэхэд л сүүлийн ээлжээ дуусган зуслан буухад өвөө бид 2 гэртээ харина даа. Өвөө маань маш их зарчим хүн. Ажил бол ажил гэсэн байр суурианаас бүх зүйлд хандана. Ажил гэрийг холилдуулна гэж яасан ч үгүй. Заримдаа зөвшөөрөлгүй зусланд очихоор зэмлэнэ. Ингэж явсаар сургуульд орж зун хамт зусдаг үе маань өнгөрлөө. Эмээ хэдэн үнээтэй, түүнийг нь хариулж "тугалчин хүү Цэрэндорж" болно доо. Хоёрдугаар ангид орох жил Жаргалантын аманд 3давхар сүндэрлэсэн сайхан байшин босож тэр нь өвөөгийн маань 4 жилийн хүч хөдөлмөр биелэгдэж үйлдвэрчний эвлэлийн хорооны амралт гэгч нэртэй газар байлаа. Мөн тэр жилдээ хүүхдийн зуслангийн өргөтгөл байрыг нэмж барин 100 хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн нэг ээлжиндээ 350-400 хүүхэд амардаг болсон юм.
Ардчилал эхэлж бүх зүйлүүд өөрчлөгдөн хувирч улмаар зарим обьектууд хувьд гарахад тэр амралтын газар мөн л хоцорсонгүй. Ингээд жуулчны бааз болон хувирав. Хүүхдийн зуслангийн удирдлага ч солигдон өвөө маань ч тэтгэвэртээ гарлаа. Тэр цагаас хойш цагийн байдал ч нилээд өөрчлөгдөн би бээр арван жилээ дүүргэн их сургуульд орох боллоо. Их сургуульд орсоор 2-р курсийн оюутан мундагаа бас. Тэр зундаа Жаргалант жуулчны баазад очиж баармэн гэгчийг хийж үзэв. Өдөртөө унтанаа. Орой болхоор л ажил ундарна. Мөнгө төгрөгтэй холбоотой ажил юм хойно бас л чамгүй тооцоотой байхгүй бол болохгүй байсаан. Эхэндээ ч өрөнд оров. Дараагийн сараас тооцоог яс бариж цалин гэгчийг авч үзлээ. 27000 төгрөгний цалин гар дээрээ авч үзээд ажил хийх хүсэл маань улам их болсийм. Ачаалал их үед гал тогоонд хоол зөөгч этэр хийх үе бишгүй. Ямартай ч хамт олон гэдгийг бас хажуугаар нь мэдэрч эхэлж билээ. Ингээд намар облж оюутан явах болоод үдэлт хийгэж баахан бэлэг авлаа. Түүндээ их урамшсан. За тэгээд ирэх хавар нь гүйдэлтэйм шиг л сүүлийн курацаа урагшлуулан 6 сарын эх гэхэд Жаргалант гэгч жаргалын орондоо ирэв. Тэр жил аж ахуйн нэгжүүдийн нэр давхардахгүй байх ёстой болж Жаргалант нэр солигдон компанийн нэр олох ажил гарав. Ингээд өвөө маань нэг нэр санал болгосон нь төрсөн нутаг болох АНАГ. Энэ нэршилээр тогтож АНАГТУР ХХК болж өөрчлөгдөв. Тэр жилдээ баармэн хийсэнгүй. Жолооны үнэмлэх авсан байсан учраас жолоо мушгин давхар ганц нэг удаа жуулчин дагуулж явах болов. Халит мульт англи хэлийг гадарладаг болсон нь бас нөлөөлөв. Жуулчин дагуулж явна гэдэг бол нилээдгүй олон ажлыг хийж сурах хэрэгтэй байсан юм. Наанадаж л хээрийн хоол бэлтгэх, газар орны нэр ус, түүх домог, байршил зэргийг сайн мэддэг байх хэрэгтэй болж. Гэхдээ өвөөтэйгөө явахад газр ус, замын нэрийг байнга хэлж зааж сургаж байсан маань одоо л хэрэг нь гарч нүүр улайсангүй өнгөрөв. Тэр жил шинэ зеландийн 30 гаруй жуулчин 3 хоног авч явсан маань анх удаагийн кэйс байв. За тэгээд л зөндөө зөндөө.
Иймэрхүү байдлаар хаалгачаас нь эхлээд нилээд олон зүйл хийдэг болов. Заримдаа ажилчин нь эзгүй чөлөөтэй үеэр нь орлон ажиллана, слесарь хүртэл хийв. За тэгээд л хонь гаргахаас эхлүүлээд зочдын боодог, хорхог, шорлог гэгчийг хийхээс эхлүүлээд ер нь оролцоогүй юмгүй л болов шив. Их сургуулийн зуравдугаар курсээ төгссөн жил өвөө маань бурхан болж би тэндээ очиж чадаагүй юм. Тэр намартаа ажилд орж жинхэнэ ажилтан болсон болхоор амрахаар л очих зав гардаг байлаа. Гэвч миний сэтгэлийн гүнд тэр газар үргэлж хадаатай. Зундаа очихгүй байна гэж ер нь байхгүй дээ. Энэ зун хүртэл очиж хэд хоног амарлаа. Монгол явсан тэмдэглэлд зураг оруулсан байгаа байх.
За баахан өөрийгөө мундаг мэт товойлгов. Хүн бүхэнд энэ мэт түүх байдаг нь дамжиггүй. Гэхдээ энэ бол миний хувьд хэн нэгэнд гайхуулах гэсэн зүйл биш, юм үзэж нүд тайлан амьдралын их сургуульд сурсан дурсамж юм.

1 comment:

Anonymous said...

Манай агаа чинь их мундаг ажилсаг хүн байсан юм байна штэ... анагтүр гэдгийг одоо л ойлоо хэхэ